Урианхай нарын гарал үүслийн талаар эрдэмтэд янз бүрийн саналтай байдаг. Урианхайчууд монгол, түрэг олон овгоос бүрдэнэ. Монгол улсаас гадна ОХУ-ын Тыва улс, БНХАУ-ын Алтай аймагт бөөнөөр сууна. Урианхайчууд монгол хэлт, тува хэлт гэж хоёр янз байх ба тува хэлээр Тагна тува (соён, соёд/ урианхай, Хөвсгөл аймгийн уйгар (тува) урианхай, цаатан урианхай, Ховд аймгийн Буянт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд суух мончоого урианхай нар хэлэлцэнэ.

       Монгол хэлт урианхай нь Алтайн урианхай, Хөвсгөлийн “Ариг урианхай” нар юм. Алтайн урианхайчууд X-XII зууны үед Бурхан халдун, Хэнтийн уул, Байгал нуур, Баргужин, Хөвсгөлийн зүүн биеэр нутаглаж байсан талын урианхан, ойн урианхан нартай уг удам нэгтэй бөгөөд Ойрадууд Алтайд ирж нутаглахад тэдний дунд багтаж, Зүүнгар улсын баруун хойгуур нутаглаж байжээ. “Ариг урианхай” нь 12-р зууны үеийн монголын нэг омог- Ариг усны урианхайчуудтай гарал нэг ажээ. Монгол улсын урианхайчууд Баян-Өлгий аймгийн төв, Булган, Алтай, Алтанцөгц, Бугат, Буянт, Дэлүүн, Сагсай сум, Ховд аймгийн төв, Дуут, Мөнххайрхан суманд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган зэрэг суманд бөөнөөр сууж байна. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор нийт 26654 урианхайчууд бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 1,0 хувийг хувийг эзэлнэ. Тэд урианхай аман аялгуугаар хэлэлцэнэ.