Торгуудууд XII зууны үед түүхэнд тэмдэглэгдсэн, угтаа Хамаг монголын хаан Тэмүүжиний турхагууд (тураг, том биетэй) буюу торгон цэргүүд, хожмоо Хэрэйдийн ван хааны угсааны ноёнд захирагдан, Ойрадын Тогоон тайшийг түшиж явсан, дөрвөн ойрадын гол аймгийн нэг байжээ. Торгуудууд монгол улсаас гадна ОХУ-ын БНХалимаг улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгар, Өвөр монголын өөртөө засах оронд бөөнөөр, Хөх нуурт цөөн тоогоор сууж байна.


     Монгол улсын торгуудууд Ховд аймгийн төв, Булган суманд бөөнөөр сууж байна. Манж нар торгуудыг эзэлсний дараа хуучин, шинэ гэж ялгаад хуучин торгуудад Хоо Өрлөгийн угсааны ноёдын албатыг, шинэ торгуудад 1771 онд Ижил мөрнөөс буцаж ирсэн Эзнээ тайшийн угсааны ноёдын албатыг багтаан Алтайн нурууны өвөр тал, Булган голын сав дагуу суулгаж Ховдын хязгаарт харьяалуулжээ. Ардын засаг ялсны дараа 1931 онд торгуудын хоёр хошуу оролцсон Булган сумыг байгуулсан ажээ. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 14176 торгууд бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 0,5 хувийг эзэлнэ. Тэд торгууд аман аялгуугаар хэлэлцэнэ.