Тод бичиг

zayabandi

Зая бандида Намхайжамц
(1599-1662)

...Зая бандида Намхайжамц гэгээн насны хувилсан жил нь шороо гахай. Яс нь хошууд, отог нь гөрөөчин, гөрөөчин дотроо шангас амуй. Өвөг эцэг нь Дөрвөн ойрадад их цэцэнд алдаршсан Күнкүй заяач хэмээх буй. Күнкүйд олон хөвүүн буйгаас их хөвүүн Баабахан. Баабаханы тавдугаар хөвүүн богд Зая бандида буй.

“Сарны гэрэл” - ээс

 

Тод бичгийн тухай

        Тод бичиг бол дунд үеийн монгол хэлний түүхэн хөгжлийн онцлогийг тусгасан оюуны бүтээл, соёлын үнэт өв юм. Ойрадын Зая бандида Намхайжамц 17- р зууны дундуур (1648 онд, зарим сурвалжид 1636 онд зохиосон гэдэг) тод бичгийг бүх монгол овогтонд зориулан зохиожээ. Тод бичиг нь тэр үеийн ойрадын бүх нутагт; Чуу голоос Ил, Тарвагатай, Жултас, Тэхис, Эрчис, Хами гол, Хөх нуур, Бархөл нуур, Алтай, Их нууруудын хотгор, зүүн зүгт: Халхын засагт ханы зарим нутгаар, улмаар умар зүгийн Ижил мөрөн, Доны хөндий, Каспийн тэнгисийн хойт эрэг, өрнө зүгт; Тэнгэр уул, Иссыккул нуур орчмоор нутаглаж байсан ойрадуудын дунд асар богино хугацаанд түгэн дэлгэрчээ. Тод бичгийг зөвхөн ойрад монголчууд төдийгүй Тагна Тувагийн урианхай, Алтайн тэлэнгид, бас хасагууд хэрэглэж байсан, түүнчлэн буриадын Вагиндрагийн үсгийг тод бичгээс үлгэрлэн зохиосон, уйгаржин монгол бичигт ч тод үсгийн зурлага, тэмдгийг хэрэглэх хандлага байсныг эрдэмтэд тэмдэглэжээ.
    Тод бичгийг тархан суусан ойрад монголчууд шашин-төр, соёл, хувийн харилцаанд 350 гаруй жил их, бага хэмжээгээр хэрэглэсэн байна. Халимагууд, 3ая бандида Намхайжамцын зохиосон тод бичгийн тиг, зурлага, үсгийн дүрмийг засамжилсан ’’Халимагийн тод бичиг”-ийг 1924 хүртэл албан ёсоор хэрэглэжээ. Халимагууд сүүлийн үед тод бичгээ сэргээн дунд, дээд сургуульд зааж, ном, сурах бичиг хэвлэн нийтэлж байна. БНХАУ-ын Шинжааны ойрадууд мөн л тод бичгийн тиг, зурлага, үсгийн дүрэмд зарим өөрчлөлт оруулан засамжилсан “Шинжааны тод бичиг”-ийг 1980-аад он хүртэл албан ёсоор хэрэглэв. Шинжааны ойрадууд одоо монгол бичигт шилжсэн ч тод бичгээ хэрэглэсээр байна. Монголын ойрадууд 1940-өөд он хүртэл шашны уншлага, хувийн харилцаанд хэрэглэж байсан баримт бий бөгөөд сүүлийн үед үндэсний бичиг, соёлын өвөө дээдлэн хамгаалах, тод бичгээ сурах хүсэл сонирхолтой иргэд ,залуусын тоо олширч байна.

       Өдгөө Энэтхэг, Төвд хэлнээс орчуулан, тод бичгээр буулгасан шашин, түүх, уран зохиол, хэл шинжлэл, одон орон, анагаах ухааны холбогдолт олон тооны эх бичиг, судар ном уламжлан иржээ. Тод бичгийн эртний гар бичмэл судар, ховор нандин эд зүйлийн дурсгалыг Монгол, Орос, Герман, Хятад, Унгар, Дани, Франц зэрэг улсын шинжлэх ухааны байгууллага, сүм хийд, номын санд хадгалж байна. Yүнээс дэлхийд хосгүй, хамгийн баялаг тод үсгийн хөмрөг Монгол улсад бий. Түүнчлэн ойрадын ард түмэн, оюут цэцэн билигтэн  нар “Жангар”, “Эрийн сайн Хан харангуй”, “Гэсэр’’зэрэг баатарлаг туульсаас эхлээд ойрадын ард түмний түүх, цадиг, хууль цааз, аман ба бичгийн зохиолыг тод үсгээр туурвин бүтээжээ.