Б.Катуу

Монгол баатарлагийн тууль ба туульчид

Монгол овог аймаг, үндэстэн, угсаатны ялагдашгүй их хүч, баатарлаг зориг, агуу их хүсэл мөрөөдлийн биелэл болсон, ганц баатрын гавьяат үйлс ялалтыг хайлан өгүүлсэн хөлгөн их найраглалыг монгол баатарлагийн тууль хэмээмүй. Монгол баатарлагийн туулийг агуулга, бүтцээр нь “Дан тууль”, “Нийлмэл тууль”, “Үлгэрлэг тууль”, “Туужлаг тууль”, “Цоморлиг тууль” гэх мэтээр ангилна.


Баатарлагийн туулийг товшуур, икэл, морин хуур, хуучир зэрэг хөгжимтэй, эсвэл хөгжимгүйгээр аялгуулан хайлдаг. Монгол баатарлагийн туулийг овог угсаатны бүрэлдэхүүнээр нь дөрвөд, баяд, урианхай, халх, буриад, захчин, торгууд гэх мэтээр ангилан хувааж болно.
Дөрвөд тууль. Дөрвөдүүд Увс аймагт голлон амьдардаг бөгөөд эдний дунд “Дуутай мөндөр хаан”, “Хаан Чингэл баатар”, “Хашин цагаан хаан”, “Сариг цагаан ингэний өнчин цагаан ботго”, “Хил хөх морьтой Хүйтэн зориг ноён”, “Хөх халзан морьтой Хөхөлдэй мэргэн хаан”, “Хангас ташаа хар хээр морьтой хаан цэргийн өвгөн ”, “Эрт төрсөн Эрэл мэргэн”, “Эзэн богд цагаан хаан”, “Алтай хайлах” зэрэг туулиудыг Буурал Сэсрэн, Баглай, Ч.Намилан, Шар хөвүүн, Зонров, Гөлөг, Раалжин, Ц.Зодов, Г.Хайнзан, З.Дамиа, Б.Мижид нар үе улируулан хайлж иржээ.
Баяд тууль. Баядууд Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин суманд дангаараа, Улаангом, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Дорнот аймагт нэлээд тоотойгоор оршин сууж байна. Баядууд “Жангар”, “Гэсэр”, “Бум Эрдэнэ”, “Дань хүрэл”, “Хан харангуй ”, “Хөлөг эрдэнэ”, “Эргэл Түрэл”, “Хийгийн хүйтэн хөх төмөр зэв”, “Долоон дайсныг даран төрсөн Довон хар баатар”, “Эр цахиур баатар”, “Далайн шар бодон” зэрэг арав гаруй туулийг М.Парчин, У.Бат, Б.Дарам, А.Чулуун, Ч.Харцага, Ч.Дүүдэй, С.Зундуй, О.Цэрэв, Р.Лхагва, Т.Пүрэв, Ш.Нямаа, Н.Анхбаяр зэрэг туульчид өвлөн уламжилсаар иржээ.
Урианхай тууль. Монгол урианхайчууд Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган, Буянт, Алтан цөгц, Бугат сум болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Бага нуур, Өлгий хотод бөөнөөрөө амьдарч байна. Монгол Урианхайчуудын дунд “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Бөх алтан нудрам”, “Бужин даваа хаан” , “Зул алдар хаан”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш”, “Наран хаан хүү”, “Талын хар бодон”, “Эзэн улаан бодон”, “Хэцүү бэрх”, “Хан харангуй ” гэх мэт туулийг Дух, Бариул, Балдан, Цагаан нохой, Даш, Жилкэр, Ширэндэв, Оролмаа, Манж, Буян, Чойсүрэн, Рэнцэн, Чойрог, Уртнасан, Авирмэд, Мэнгэт, Эрдэнэцогт, Сэсээр, Олдох, Дампинсүрэн, Баатаржав, Балдандорж, Баатархүү, Мэндбаяр зэрэг туульчид өвлөн уламжилж хайлсаар ирсэн бөгөөд хайлсаар ч байна.
Халх тууль. Халх монголчууд Монгол улсын бүх хот, аймаг сумдад тархан суурьшдаг. 2000 оны хүн амын тооллогоор монгол улсын хүн амын 81,5 хувийг эзэлж байна. Халхчуудын дунд “Агийн улаан хаан”, “Алтай ноён Галуу хүү”, “Алтан гургалдай”, “Арван гурван настай Алтай сүмбэн хүү”, “Гурван настай Гунан улаан баатар”, “Живэр хааны Живэрмижид хүү”, “Нэг зуун тавин насыг насалсан хөгшин луу мэргэн хаан”, “Хилэн галзуу баатар”, “Хөшөө чулуун зүрхэт Хүвэй баатар хүү” зэрэг бэсрэг туулиудыг Ичинхорлоо, Гаваа, Дэндэв, Мангал, Бадам, Цэрэндаш, Найдан, Содном, Цэрмаа, Ууш, Онолт, Дулам, Даваа, Товуужав зэрэг туульчид хайлдаг байжээ.
Захчин, Торгууд тууль. Захчингууд Ховд аймгийн Алтай, Үенч, Зэрэг, Манхан суманд, Торгуудууд Ховд аймгийн Булган суманд бөөнөөрөө, бусад аймаг хотуудад тархан амьдарч байна. Захчин, Торгууд нарын дунд “Хорин дөрвөн салаа эвэртэй ухаа дөнөн буга”, “Эзэн тэнгэр хаан”, “Үхдэггүй үүлэн тив, хатдаггүй Хатуу Хавх баатар”, “Хаан сийр” зэрэг туулиудыг Пүрэвжал, Ядмаа, Вангир, Баярсайхан, Энхбалсан зэрэг туульчид хайлдаг байжээ.