Зарим судлаачид ойрад гэхийг хятад сурвалжид вала, во-ула хэмээн тэмдэглэсэн нь өөлд хэмээх үг гэдэг. XV зууны үед Эсэн хааны ач Хамаг тайш цоросын дотроос албат таслан авч түүнээ өөлд хэмээснээр өөлдүүд ойрадын нэгэн аймаг болж түүхийн тавцанд гарч ирсэн ажээ. Өөлдүүд сарнин бутарсан ард түмэн бөгөөд монгол улсаас гадна Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Өвөр монголын Хөлөнбойр, Алшаа аймаг, Цахар хошуу, Хар мөрөн муж, Хөх нуур, Бүгд Найрамдах Кыргыз улсад цөөн тоогоор сууж байна. 

       Монгол улсын өөлдүүдийн суурьшил нь Зүүн гар улсын хаан Галдан бошготын цэрэг дайны хэрэг явдалтай холбогдоно. Галдан бошготын цэрэг 1696 онд Халхын нутаг Тэрэлжийн Зуун мод хэмээх газар Манжийн их цэрэгт цохигдон хүч сарнисны дараа Манж нар тэднийг 1730 он хүртэл Заг, Байдраг, Түй гол орчмоор суулгажээ. Гэвч өөлдийн хоёр хошууны ард 1731 онд Алтай нутагт Зүүн гар улсдаа сэм оргон одсон байна. Манж нар үлдсэн өөлдүүдийг дахин нүүхээс сэрэмжилж монголын дорнот тал руу нүүлгэн Халх гол хавиар суулгажээ. 1761 онд Зүүн гар улсыг манж нар бүрэн эзлэн авсны дараа нүүсэн хоёр хошууны өөлдийг буцаан авчирч одоогийн Архангай аймгийн Өлзийт, Хотонт сумын нутагт суурьшуулжээ. 1764 онд Архангайн өөлдөөс тасарсан хэсэг өөлд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ирж нутагласан байна. Тэдний ноён нь Дамбий хэмээгч байсан тул “Дамбий өөлд” хэмээн судлаачид нэрлэдэг. Бас “Эрдэнэбүрэний өөлд”, “Цамбагаравын өөлд” ч гэдэг. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Говь-алтай аймгийн Шарга сум, Дорнот аймгийн Халх гол зэрэг суманд хэсэг өөлд, хойдууд байгаа тухай түүх, угсаатны зүйн мэдээ байгаагаас гадна Увс, Баянхонгор, Булган, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймагт өөлдийн олон овог бүртгэгдсэн байна. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор нийт 15520 өөлд бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 0,6 хувийг эзэлнэ. Тэд өөлд аман аялгуугаар хэлэлцэнэ.