Дархадууд XIV зууны үед урианхайн адил ойн ард, тайгын иргэн байсан бөгөөд зарим нь урианхай нартай угсаа, гарваль нэг, ойрадын Хотгойд ноёдын харьяанд байсан ажээ. Зарим судалгаанд дархадууд “Богдын дархан шавь” болсон гэх буюу хожим Өндөр гэгээнд шавь болж өргөгдсөн тул “дархлагдсан шавь” буюу “Дархад” нэрийг олжээ гэх, эсвэл уран дархан хүмүүсийн үр хойчсоос дархчуул, дархад овогтон үүссэн гэж үздэг. Дархадууд одоо Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх, Цагаан нуур суманд бөөнөөр, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх сумын зарим хэсгээр сууж байна.

Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 21558 дархад бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 0.8 хувийг эзэлнэ. Тэд ойрадажсан дархад аман аялгуугаар хэлэлцэнэ.