Хотгойд нар Ойрадын “Хойд” аймагтай угсаа гарал нэг, XVI зуунд түүхэнд тэмдэглэгдсэн ба Зүүнгарын ноён Хархул, Халхын Шолой увшийн Алтан улс, Хотгойдын ван Чингүнжавын захиргаанд явжээ. Тэдний угсаа, гарлын талаар хотгойдын түүх, угсаатан судлаач С.Пүрэвжав “Хотгойд нь угтаа ойрад, тухайлбал түүний нэг аймаг Хойдоос гаралтай”, угсаатан судлаач Х.Нямбуу, түүх судлаач Б.Цэрэл нар хотгойдууд ойрад, урианхай нартай ойр зэргэлдээ байсан, XVI зууны сүүл үеэс халхчуудын дунд 300 гаруй жил хутгалдан суусан халхажсан ойрад болно гэжээ. 

     Монгол улсын хотгойдууд Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Арбулаг, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Шинэ-Идэр, Завхан аймгийн Баянтэс, Нөмрөг, Тэлмэн, Тэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр суманд бөөнөөр ба халх аялгуутантай хольцолдон сууж байна. Монгол улсын хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны тооллогоор 15460 хотгойд бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 0,6 хувийг эзэлнэ. Хотгойдуудын хэл яриа нь халх, ойрад аялгуу хольцолдсон, халхажсан хотгойд аман аялгууны шинжтэй болсон байна.