“Дүрбэн” буюу “Дөрвөн” гэдэг овог Чингис хаанаас өмнө байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэжээ. “Moнголын нууц товчоо”, ”Алтан товч”, “Эрдэнийн эрхи” зэрэгт Чингис хааны дээд өвөг Дува сохор, Добу мэргэн хэмээх ах дүү хоёр байсан бөгөөд “Дува сохор дөрвөн хөвүүнтэй. Дува сохорыг үгүй болсны хойно дөрвөн хөвүүн нь салж нүүгээд Дөрвөд овогтон болов” гэжээ. “Дөрвөд” гэсэн нэрийг “дөрвөн” гэдэг үгэнд олон тооны “д” нөхцөл залгаж үүсжээ гэж үздэг. Дөрвөдүүд түүхийн тавцанд дөрвөн ойрадын гол аймаг явсан ба дотроо Их дөрвөд, Бага дөрвөд, Зүүн дөрвөд, Баруун дөрвөд хэмээн нэрлэгдэж байжээ. Дөрвөдүүд монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсад олноороо суурьшиж байна. Халимаг улсын хүн амын гуравны нэг нь дөрвөдүүд юм. БНХАУ-д дөрвөдүүд сууж байна. Оросын судлаач А.Д.Руднев 1908 оны судалгаандаа Манжуурт “дүрвэд-бэйс” хошуу байгааг тэмдэглэжээ. Манж нар 1758 оны орчим Дөрвөдийн Цэрэн тайжийн албатаас олзолсон хэсэг дөрвөдийг Хөлөнбойрт аваачин тэндхийн өөлд хошуунд суулгажээ. Энэ нь одоогийн БНХАУ-ын Хөлөнбойр аймгийн Эвинк хошууны цөөн дөрвөдүүдийн өвгөс бололтой. БНХАУ-ын Хармөрөн мужийн “Дөрвөд монгол үндэстний өөртөө засах хошуу”-нд дөрвөдүүд олноороо суурьшиж байна. Хөхнуур муж, Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд цөөн тооны дөрвөд байна.
     Монгол улсын дөрвөдүүд XVII зууны ойрадын төрийн хямралдаанаас үүдэн, 1750-иад онд дөрвөдийн Цэрэн, Цэрэн убаши, Цэрэнмөнх тэргүүтэй ноёд, харьяат иргэдээ дагуулан, Эрчис мөрнөөс Алтайг даван, Үенч, Бодончоор дайран, халхын нутгийн гүнд Заг, Байдраг, Түй голоор нутаглаж байгаад 1759 онд Улаангомын газар ирж суурьшжээ. Дөрвөдүүд одоо Увс аймгийн Өмнөговь, Өлгий, Ховд, Түргэн, Сагиль, Бөхмөрөн, Давст, Улаангом сум болон Наранбулаг, Завхан сумын нэг баг, Ховд аймгийн Дөргөн суманд бөөнөөр, Баян-Өлгий аймгийн төв, Цагааннуур, Ногооннуур, Бугат суманд цөөн тоогоор сууж байна. Ховд аймгийн Мянгад суманд цөөн тооны дөрвөдүүд, Эрдэнэбүрэн суманд “Онгоцны дөрвөд” хэмээх дөрвөдүүд байна. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 72403 дөрвөд бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 2,8 хувийг эзэлнэ. Тэд дөрвөд аман аялгуугаар хэлэлцэнэ.