Баядууд МЭӨ III зуунд Хатаны голын тохой дахь Баян-Уул хэмээх газар нутаглаж байсан маш эртний монгол аймаг. Баядын уг үүсэл нь Добу мэргэн, Малиг баяд ажээ. Түүхэнд тэмдэглэснээр тэд Ордосын тохой, Хөлөнбойр, Сэлэнгэ мөрөн, Бурхан халдун уул хавиар нутаглаж байсан ба Сэлэнгэ мөрний сав дагуу нутаглагч баядыг хээрийн баяд, Сэлэнгийн нэгэн цутгалан Жид голоор нутаглагчдыг жидийн баяд хэмээн нэрлэж байжээ. XVII зууны үеэс Алтайн уулс, Эрчис мөрнөөр нутаглаж байсан ойрадуудын дотор баядууд байжээ. Хожим дөрвөдийн доторх нэгэн бага аймаг болсон байна.
         Монгол улсын баядууд 1750-иад онд Эрчис нутгаас дөрвөдүүдтэй хамт нүүдэллэн Заг, Байдраг, Түй голоор нутаглаж тэндээсээ, Улаангомын газар ирж суурьшжээ. Баядууд одоо Увс аймгийн төв, Тэс, Зүүнговь, Малчин, Хяргас сум болон Наранбулаг сумын нэг багт бөөнөөр, Баруунтуруун суманд халх аялгуутантай холилдон сууж байна. Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор 56573 баяд бүртгүүлсэн ба монгол улсын хүн амын 2,1 хувийг эзэлнэ. Тэд баяд аман аялгуугаар хэлэлцэнэ.