“Ойрад судлал: угсаа, хэл, соёл” сэдэвт

Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол улсын “ Ойрад судлалын төв”-өөс санаачлан зохион байгуулсан “Ойрад судлал: угсаа, хэл, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 5-р сарын 21-23-нд Улаанбаатар хотод боллоо. Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, Ховд Их Сургууль хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

   Хуралд ОХУ-ын Буриад, Хакас, Халимаг, Тыва, Урал, Якутын БНУлс, Энэтхэг, БНХАУ-ын Шинжаан-Уйгур, Өвөрмонгол зэрэг гадаад орны болон манай эрдэмтдийн 40 гаруй илтгэлийг “Хэл ба бичгийн соёл”, ”Ардын аман зохиол”, “Түүх, намтар судлал”, “Угсаатны судлал” гэсэн 4 салбар хуралдаанаар хэлэлцлээ. Хурлын үеэр ойрадуудын ахуй, соёлыг харуулсан фото үзэсгэлэн, video бичлэг, язгуур урлагийн үзүүлбэрийг үзэж сонирхлоо. Түүнчлэн Цонжин болдог дахь Чингис хааны цогцолбор, Тэрэлж, Гүнжийн сүмийн чиглэлд аялал хийлээ.

     Ойрад судлалын энэ удаагийн хурал нь ойрад монголчуудын талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлтэй танилцах, арга туршлагаа солилцох, монгол орон ба ойрадыг сурталчлах, судалгааны цар хүрээг өргөтгөхөд гол ач холбогдолтой байлаа.