Дэлхийд тархсан ойрадын тоо нэг сая гаруй буюу


Ойрадын удам түүхэнд 2000 гаруй жилийн тэртээ анх тэмдэглэгджээ. 13-р зууны үеийн “Монголын нууц товчоо”, Ираны түүхч Рашид-ад-дины “Судрын чуулган”-д “Ойрад аймаг”, “Дөрвөн аймаг”-ийн тухай бичжээ. Хожмын “Монголын уг эхийн түүх”, “Илтгэл шашдир”, “Равжамба Заябандидын тууж сарны гэрэл хэмээх оршвой”, “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээх оршвой”, Баатар Убаши Түмэний туурвисан “Дөрвөн ойрадын түүх”, Габан Шаравын “Дөрвөн ойрадын түүх” зэрэг нь ойрадын түүхийн гол сурвалж бичгүүд юм.


“Ойрад” хэмээх нэрийн гарал үүслийн талаар эрдэмтдийн дунд “Ойр, дөт, холбоо”, ой тайгаар нутаглагч “hойн иргэн” (хойт иргэн) буюу “Ойн ард” хэмээсэн үг гэхээс гадна “Ойрат” нь эртний Түрэгийн “Огуз” гэдэг үгтэй холбоотой, “Ойрат” нь Фин хэлний “койра” (нохой) буюу “чоно” гэсэн утгатай үг бөгөөд баруун монголчуудын өвөг нар Минусуны хотгорт фино-угор овог аймгуудтай харьцаж байсан” гэх мэт санал, таамаглалууд байдаг.
VI-X зуунд ойрад нарын өвөг дээдэс Сэлэнгэ мөрний адаг, Енесей, Эрчис мөрний эх, Байгал, Хөвсгөл нуур, Тагна, Соёны нурууг даган оршихдоо мал маллахаас гадна, бас ан гөрөө хийж, загасчлан амьдрагчид цөөнгүй байжээ. Ойрадууд XIV зууны сүүл, XV зууны эхэн үеэс баруун зүг нүүдэллэн Алтайн чанад, Эрчис мөрөн, Ил, Тарвагатай, Хами гол, Балхаш нуур, Хөхнуур хүртэлх өргөн уудам нутгийг эзлэн сууж XVII зуунд “Зүүн гарын хаант улс”-ыг байгуулан Дорнот ба Дундат Ази, баруун Европын хөрш зэргэлдээ орнуудтай худалдаа, үйлдвэр, соёлын олон талын харилцааг хөгжүүлж байв.
Ойрадууд түүхийн тавцнаа “Ойрад аймаг”, “Ойрадын холбоо”, “Түмэн ойрад”, “Дөрвөн түмэн ойрад”, “Дөрвөн ойрад”, “Зүүн гарын хаант улс” хэмээн нэрлэгдэж иржээ. Тэд өвөг дээдсийн үеэс олон зууныг дамжсан нүүдэл, аян дайны хөл, нийгэм улс төрийн шалтгаар эдүгээ Монгол, Орос, Хятад улсад бөөнөөр, Дундат Ази, Өрнөдийн зарим оронд тархан суурьшиж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ойрадууд нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Өвөрмонголын Алшаа аймаг, Эзнээ хошуу, Тарвагатай, Алтай аймаг, Ганьсу, Хөхнуур, Хармөрөн муж, Хөлөнбойр аймагт суугаа торгууд, хошууд, өөлд, урианхай, дөрвөд, захчин ба 1771 онд Ижил мөрнөөс буцаж ирэгсэд ажээ. Тэд хятад, түвд, уйгар, казах үндэстэн болон барга, цахар, шинэхээн буриад зэрэг монгол хэл аялгуутантай хөрш зэргэлдээ ба хольцолдон сууна. БНХАУ-д 2000 оны байдлаар 285000 гаруй ойрад байна.

Оросын Холбооны Улсад суугаа ойрадууд
XVII зууны эхэн үеэс Алтайгаас хальж, өрнө зүг нүүдэллэн Ижил мөрөн, Доны хөндий, Урал мөрөн, Каспийн тэнгисийн хойт эрэг хавиар суурьшсан халимаг ойрадууд ОХУ-д байна. Оросын хүн амын 2002 оны тооллогоор нийт 173996 халимаг бүртгүүлснээс 155928 нь БНХалимаг улсад, бусад нь Москва, Санкт-Петербург хот, Ставрополийн хязгаар, Астрахань, Волгоград, Ростов зэрэг муж болон Бүгд найрамдах Татарстан, Хахас, Дагестан, Саха (Якут), Чечени зэрэг улсуудад тархан сууж байна. Халимаг улсын хүн амын олонх нь торгууд, дөрвөд ястнаас бүрдэнэ.
XX зууны эхэн үеийн “Ойрот улс” буюу одоогийн Бүгд Найрамдах Алтай улсад өөрсдийгөө Алтай-кижи (Алтай хүн) хэмээн нэрлэдэг ойрадууд байна. Алтайчуудын тоо 67000 гаруй, үүнээс Алтай улсад 62000, Алтайн хязгаарт 1800 гаруй байна. Алтай-кижи нь Алтай улсын Онгадай, Усть-Кан, Шебалин, Майман районд бөөнөөр сууна.
Тувагийн нутгийг эрт дээр үеэс “Урианхайн хязгаар” гэж нэрлэсээр ирсэн билээ. Оросын хүн амын 2002 оны тооллогоор Бүгд Найрамдах Тыва улс 235000 гаруй хүн амтай, үүний гуравны хоёр нь урианхайчууд (монгол, тува хэлт) юм. Монгол хэлт урианхайчууд улсынхаа өмнөд хэсгээр монгол улстай хил залган сууна.

Дундат Азид суурьшсан ойрадууд. Ойрадын өрнөд рүү чиглэсэн их нүүдлийн замд “цацагдсан” болон дайны хөл, улс төрийн шалтгаар ойрадын хойчис дундад Азийн орнуудад тархан суусан байна. Бүгд Найрамдах Кыргыз улсад 10000 (зарим мэдээнд 5000) гаруй, Казахстанд 1100, Узбек, Укриан, Гүрж, Тажик зэрэг улсад 1500 орчим халимаг ойрад байна.
Чингис хааны эзэнт гүрний үеэс дорно зүгийг байлдан дагуулах замд Мөнх, Хүлэгү хааны цэргийн үлдэл болон XVI зууны Бабур (Төмөр хааны ач) хааны албатын үлдэл гэх монгол, ойрадын үр сад Афганистан, Иран улсад байна. Ираны зохиолч Рашид-ад-дин “Ойрадын олон эмир Иран ба Туранд байдаг” гэж “Судрын чуулган”-даа тэмдэглэжээ. Хожим Зүүн гарын хаант улсыг мөхөсний дараа хэсэг хүмүүс Афганистанд очиж, 1773-1793 онд Төмөр шагын дэргэд цэргийн алба хааж байжээ. Афганистан улсад чар (чараймаки), могол, хазар хэмээх монгол гаралтан байх ба тэд бусад угсаатан, хэл аялгуутантай хутгалдсан ч үгийн санд нь олон монгол үг байдаг, зарим нь дунд үеийн монгол хэлээ хадгалсан ажээ. Эрдэмтдийн судалгаанд Афган - Ираны хил дагуу Бадгисын өндөрлөг, дорнод Хорасаны нутгаар нүүдэллэн амьдарч ирсэн “Чараймаки” (Дөрвөн аймаг)-ийн хэл нь анхандаа монгол байсан, баруун монгол хэлтэй ойролцоо, Афганистаны моголчуудын хэл нь ойрад аялгуутай төстэй гэж тэмдэглэсэн байна.
1945 оны чөлөөлөх дайны үеэр Шинжаанаас дорно зүг одсон 500 орчим торгууд Тайван улсад байдаг гэсэн аман мэдээ бий.

Европын орнуудад суурьшигч ойрадууд. Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан Белорус, Укриан, Азербайджан, Армян, Латви, Литва, Молдав, Эстон зэрэг улсад 450 орчим халимаг ойрад оршин сууж байна.
Түүнчлэн XX зууны дэлхийн I, II дайнаас дайжин гарсан халимагууд АНУ-д 2000, Францад 1000 гаруй байхаас гадна Герман, Канад, Чех, Испани, Болгар, Бельги, Австри, Австрали, Дани, Финланд зэрэг улсад цөөн тоогоор суурьшжээ.
Өмнөд Казакстан болон Ази, Европын зааг дахь Турк улсад ч ойрадын хойчис байх түүхийн үндэслэл бий.